2014 оны 9-р сарын 6-нд Японд төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэг болон Монгол дахь Япончуудын Холбоо хамтран уламжлал болсон “ЯВГАН АЯЛАЛ”-аа зохион байгууллаа.
Энэ удаагийн аялалд 109 хүн оролцсон бөгөөд тэнгэр хуйсагнаж, бороо орж, манан татсан сэрүүхэн өглөө байлаа.
Аяллыг нээж УИХ-ын гишүүн, Монгол улсын Засгийн газрын гишүүн, Уул Уурхайн сайд, ЖУГАМО нийгэмлэгийн ерөнхийлөгч Д.Ганхуяг нээж, мэндчилгээ дэвшүүллээ.
Мөн Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шимизү Такэнори мэндчилгээ дэвшүүллээ.
Түүнчлэн Япончуудын Холбооны тэргүүн н.Фүживара гуай аялагчиддаа амжилт хүсч, зохион байгуулах багаас зохион байгуулалттай холбоотой санамж, анхааруулах зүйлсийг хэлснээр бид замдаа гарав.
Бид Клийн Энержи ХХК-ий барьж байгуулсан Монголд анхдагч болох 50МВ хүчин чадалтай САЛХИТ СЦС-ын үйл ажиллагаатай танилцаж, Салхин сэнсний доогуур уул дамжин алхах, түүний дараа нь үдээс хойш Nomad Horse Camp буюу Уламжлалт Морин аяллын бааз дээр очиж өдрийг өнгөрүүлэхээр төлөвлөж хөдөллөө.
Скай ИД-ийн өмнөх машин зогсоол дээрээс хөдлөн Салхитад очиход үнэхээр нэрэндээ тохирохуйц их салхитай, хүйтэн бороо орж байлаа.
Бид Станцын төв дээр үйл ажиллагаатай нь танилцаж, тус компаний захирал н.Сүхбаатар гуай бидэнд СЦС-ын үйл ажиллагааг танилцуулж, видео бичлэг үзүүллээ.
Тэндээс бид алхах төлөвлөгөөгөө зогсоож, автобус, машиндаа хуваагдаж суугаад Салхит уулын хамгийн өндөр цэг дээр баригдсан Салхин Турбин дээр очсон бөгөөд эргэн тойрны зүйлс харагдахгүй битүү манан татаж, хүчтэй салхитай, маш хүйтэн байлаа.
Түүний дараа Номад Морьт жуулчны баазад очиход намрын хуйсагнасан тэнгэр онгойж, нар гарч дулаахан боллоо.
Жуулчны бааз дээр хорхог идэж, сумо барилдан, олс татаж, морь унаж цагийг маш хөгжилтэй, зугаатай, үр дүнтэй өнгөрүүлж, хамтран ажилласан, ивээн тэтгэсэн байгууллагууд болох Жем Интернэйшнл ХХК, Кэмпински Зочид буудал, Набэя Монгол компани, Элчин сайдын яам, Япончуудын холбоо зэрэг байгууллагаас өгсөн бэлэг, шагналыг тэмцээнд түрүүлсэн, амжилт гаргасан хүмүүстээ бэлэглэж, өнөөдрийн аялал өндөрлөлөө.
Бидний аялал ирэх жил дахин үргэлжлэх болно.
Тэр үеэр та бүхэнтэйгээ дахин уулзая.