Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлтийн гамшигт өртөгсдөд зориулсан хандивын аян амжилттай зохион байгуулагдаж дууслаа.

Монгол – Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэг, Японд сургууль төгсөгчдийн “ЖУГАМО” нийгэмлэгийн хамтран зохион байгуулсан Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлтийн гамшигт өртөгсдөд зориулсан хандивын аян амжилттай зохион байгуулагдаж дууслаа.
Нийт хандив өгсөн байгууллага, хувь хүмүүст гүн талархал илэрхийлье.
Хандивын аяны хугацаанд нийт 97 байгууллага, хувь хүнээс 21,784,000 төгрөг цугласан бөгөөд уг хандивыг, хандивлагчдын нэрсийн жагсаалтын хамт тус нийгэмлэгүүдийн төлөөлөл Япон Улсын элчин сайдын яаманд 2024 оны 2 сарын 7-ны өдөр хүлээлгэн өгөв. Уг уулзалтад “Түншийн холбоо” нийгэмлэгээс Хүндэт ерөнхийлөгч Д.Содном, Ерөнхийлөгч Р.Жигжид, Гүйцэтгэх захирал С.Дэмбэрэл, Цэцэгжаргал нар, “Жугамо” нийгэмлэгээс Ерөнхийлөгч С.Баттулга, Гүйцэтгэх захирал З.Сугар нар оролцлоо.
Мөн энэ хугацаанд хандивын аян зохион байгуулсан Монгол Японы Хүний Нөөцийн Хөгжлийн төвийн хамт олон уг уулзалтад хамт оролцож захирал Ц.Даваадорж, ерөнхий удирдлагын тасгийн дарга Э.Тэнгис нар цугларсан хандивыг хүлээлгэн өгсөн юм.
Энэ үеэр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү нийт хандивлагчид ба зохион байгуулагч нарт халуун талархал илэрхийлж та бүхний хандивыг гамшигт нэрвэгдсэн бүс нутгийн иргэдэд хүлээлгэж өгөхөө мэдэгдэн, сэргээн босголт явагдсаны дараа үзэсгэлэнт Ното хойгт хүрэлцэн ирэхийг урьсан юм.
Хандивын аянд нэгдсэн нийт байгууллага, хувь хүмүүстээ дахин халуун талархал илэрхийлье.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (*)

Нэр (*)
И-мэйл хаяг (*)