ЖУГАМО Нийгэмлэг нь гишүүдийнхээ эрхлэн явуулдаг, ажилладаг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах аялал зохион байгуулдаг болоод байгаа.
Бид энэ удаа нэгэн ЭРДИЙМ УУРХАЙ-д зочилсон юм. Монгол толгой Монгол улсын хөгжлийг түүчээлж, зүтгүүлж, урагшлуулж, дэвжүүлнэ. Тэгвэл энэ их үйлсийн төлөө сүүлийн 20-иод жил зүтгэж, өөрийн мөрөөдөл болсон сургуулийг байгуулж, түүнийхээ төлөө тасралтгүй хөдөлмөрлөж байгаа, Японд төгсөгчдийнхөө төлөөлөл болсон эрхмүүдийн ажилтай танилцсан нь бидний хувьд бахархууштай хэрэг байлаа.
“ШИНЭ МОНГОЛ” сургууль /2015.05.04/
Энэ өдөр өглөө 10:00 цагт тус сургууль дээр цуглаж аялал маань эхэллээ. Сургуулийн Захирал нь томилолтой яваа тул тус сургуулийн сургалтын менежер Н.Лхагвадорж, Гадаад харилцааны ажилтан Н.Мөнхбаясгалан, Карьер хөгжлийн төвийн мэргэжилтэн Д.Дуламсүрэн нар захирлынхаа өрөөөнд биднийг хүлээн авч сургуулиа танилцууллаа.
Танилцуулгын эхэнд ЖУГАМО Нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал Б.Насанбилэгийн зүгээс нийгэмлэгийн үйл ажиллагаа болон, зорилго, цаашид зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажлуудынхаа талаар танилцуулсан болно.
Тэртээх 2000 онд “Шинэ Монгол” нэртэй Ахлах сургууль байгуулагдаж, Монголдоо анхдагч Япон школтой сургууль болсон. Энэхүү сургуулийг байгуулсан Үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч Ж.Галбадрахын санаачлагаар байгуулагдаж байжээ.
Боловсрол гэдэг гэгээлэг. Хүний мөрөөдөл гэдэг агуу. Ж.Галбадрах багшийн хүсэл мөрөөдлийг сайхан сэтгэлт Монгол, Япон хүмүүс дэмжиж, хандив тусламжийн гараа сунгаснаар энэ сургууль бий болсон түүхтэй.
Одоогийн байдлаар тус сургуулийн төгсөгчдийн тоо 1500 орчим болоод байгаа бөгөөд тэдгээрийн 33% нь буюу 3 сурагч тутмын 1 нь гадаадад их дээд сургуульд суралцаж байна.
Тус сургуулийн түүхэн замналыг харвал:
- 2004 онд “Шинэ Монгол” дунд сургууль.
- 2008 оноос “Шинэ Монгол” бага сургууль.
- 2010 оноос “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэн байгуулагдсан.
- 2014 оноос өндөр ур чадвартай инженерүүдийг бэлтгэн гаргах зорилготойгоор “Шинэ Монгол Инженерийн сургууль”-ийг байгуулж захиралаар нь мөн л Япон улсад суралцаж, инженерийн компаниудад ажиллаж, туршлага хуримтлуулсан Ш. Буянжаргал ажиллаж байна.
“Шинэ Монгол” цогцолбор сургуулийн онцлог тал нь Монгол Улсын боловсролын цөм хөтөлбөр дээр үндэслэн байгалийн болон нийгмийн шинжлэх ухааны хичээлүүдийг түлхүү үздэгээрээ онцлогтой. Бага ангийн сурагчидад зориулсан англи хэлний тусгай сургалттай.
“Шинэ Монгол” Инженерийн сургуулийн хувьд ахлах ангийн 10 дугаар ангиасаа элсэн суралцах боломжтой бөгөөөд нийт 5 жилийн турш суралцах ба бакалаврын зэрэгтэй төгсдөг байна. Энэхүү инженерийн сургууль нь барилга, зам гүүр, химийн инженерүүдийг бэлтгэж байгаа бөгөөд эхний элсэгчид нь одоо 2-р дамжаандаа амжилттай суралцаж байна.
Гадаад харилцааны хувьд Япон улсын сургуулиудтай нягт холбоотой ажилладаг ба бусад орны сургуулиудтай мөн хамтран ажилладаг байна. Тус сургуульд Япон багш 3, англи хэлний Малайз багш 1 тус тус ажиллаж байна.
Сурагчдын сурах орчин нөхцлийг олон улсын түвшинд хүргэхээр чармайн ажилладаг бөгөөд
- 300 хүнд зэрэг үйлчлэх 2 цайны газар.
- 150 хүний суудалтай номын сан
- 30 хүний суудалтай уншлагын танхим.
- Спортын 3 заал.
- Сургуулийн дотуур байр
- 280 хүний суудалтай Урлагийн танхим болон бүжгийн заал.
- Хичээлийн 18 төрөлжсөн кабинеттэй
Сурагчийг зөвхөн хичээл бус амьдрах ухаанд суралцуулах тал дээр анхаарч ажилладаг ба уг ажлынхаа хүрээнд бага сургууль нь Төв аймгийн Баяндэлгэр сумын сургуультай хамтарч сурагч солилцооны хөтөлбөр, дунд сургууль нь Төв аймгийн Баяндэлгэр суман дахь хөдөлмөр зусланд амардаг. Мөн ахлах сургуулийн сурагчид САА-д очиж намрын ургац хураалтанд тусладаг байна.
Сурагчдын бие бялдар авъяас чадварыг хөгжүүлэхийн тулд спортын 15 секц, урлагийн 13 дугуйлан, сурагчдын 8 клуб үйл ажиллагаагаа явуулж байна. Зөвхөн сурагч бус багш нараа тогтмол хөгжүүлэхийн тулд жил бүр Япон улсад мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулдаг байна. Мөн төгсөгчдийн цаашдын карьер, ажлын байр дээр онцгойлон анхаарч мөн “Карьер хөгжлийн төв”-ийг нээн ажиллуулж байна.
Хүүхэд төвтэй газар гэдэг цаанаа л гэгээлэг. Тэр дундаа хүүхдүүдийнхээ оролцоотой, тэдний орчныг бий болгоно гэдэг бас л сайхан санаа. Биднийг сургуулийнхаа бүхий л барилга байгууламж, хичээлийн кабинетуудаар зочлуулсан. Анги танхимд сурагчдын оролцоотойгоор ханын самбар, үзүүлэн зэргүүд маш их байсан бөгөөд сурагчдын бүтээлүүдийг ашиглан маш гоё тохижилтыг хийсэн байлаа.
Сурагч бүр хүнтэй мэндлэх бөгөөд сургуульдаа өмсөх тусгай гуталтай хүртэл байдаг нь маш сайхан сэтгэгдэл төрүүлж байсан юм. Өөдлөх айл үүднээсээ гэдэгдээ.
Бидний сэтгэлийн мухарт нэг тийм гэгээлэг бодол төрж байсныг нуух юун. Тиймдээ ч энэ сургуулийг зорьж, суралцах хүсэлтэй хүүхэд багачуудын тоо жилээс жилд нэмэгдэж, эцэг эхчүүд итгэл, сэтгэлээ уудлан энэ сургуулийг ам хуурайгүй магтдаг биз.
ЖУГАМО Нийгэмлэг
Удирдах зөвлөлийн гишүүн Б.Лхагва-Очир
2016.05.04