Эрхэм хүндэт Японд сургууль төгсөгчид, ЖУГАМО нийгэмлэгийн гишүүд, дэмжигчид, болон Японд суралцахыг хүсч буй та бүхнийхээ энэ өдрийн амгаланг айлтгаж, манай нийгэмлэгийн цахим хуудаст тавтай морилохыг хүсье.
Японд сургууль төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэг нь 1995 онд албан ёсоор байгуулагдсанаас хойш гишүүд, дэмжигчдийн тоо жил бүр өсөн нэмэгдэж, өнөөгийн байдлаар 2,200 гаран Японд төгсөгчид фэйсбүүк нийгмийн сүлжээгээр нэгдэн нийлээд байна.
Тус нийгэмлэг нь 2021 оны 9 сард бүх гишүүдийн хурлаараа 7 дахь үеийн ерөнхийлөгчөөр миний биеийг сонгон томилсон бөгөөд нийгэмлэгийн зорилго, дүрмээ шинэчлэн баталж, Удирдах Зөвлөлийн гишүүдийн 50 гаран хувийг шинэчлэн багаа бүрдүүлж, эрч хүчтэй ажиллаж эхлээд байна.
Манай нийгэмлэг эрхэм зорилгоо “Японд сургууль төгсөгчдийн эрдэм чадварыг нэгтгэн зангидаж, хамтдаа хөгжихөд оршино” гэж тодорхойлсон бөгөөд үйл ажиллагаандаа (1) Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдал, эв нэгдлийг эрхэмлэх, (2) Япон Улсад суралцсан ёс суртахуун, ах захын ёс, дэг жаягаа хадгалж, нийгэм, улс төр, эдийн засаг, бизнес, соёл боловсролын бүхий л салбарт нэг нь нийтээ, нийт нь нэгнээ дэмжиж, хамтран ажиллах, (3) Монгол-Японы харилцаа, хамтын ажиллагааг дэмжиж ажиллах зарчмыг баримтлан ажиллаж байна:
1972 онд Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны дараа 1976 оноос эхлэн Япон хэл ба Япон судлаач мэргэжлээр Токиогийн болон Осакагийн гадаад хэлний дээд сургуульд жил тутам 1-2 хүн 2 жилийн хугацаатай суралцах болсон. Энэ үеийнхэн маань Японд сургуульд төгсөгчдийн анхдагчид билээ. Ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах “Говь” комбинат байгуулагдсантай холбогдон 1980-1985 онд нэхмэл, сүлжмэлийн инженерийн мэргэжлээр жил бүр 2 оюутан Японд дээд боловсрол эзэмшиж байсан. 1990-ээд оны үеэс хоёр улсын соёлын харилцаа өргөжин тэлж, 1990-1993 онд жил бүр 20-30 оюутан, 1994-2000 онд жил бүр 50-80 оюутан, 2000-2005 онд жил бүр 100-200 оюутан, 2006-2011 онд 300-400 оюутан, 2012 оноос жил бүр хурдацтай нэмэгдэж цар тахлын өмнөх үе 2019 онд 1500 орчим оюутан Японд суралцахаар зорьдог болсон байна.
Өнөөгийн байдлаар 13,500 Монгол иргэн Японд урт хугацаагаар амьдарч, үүнээс оюутны визтэй 3,300 иргэд Японы ИДС, мэргэжлийн сургууль, Япон хэлний бэлтгэлд суралцаж байна (2021 оны 7 сарын Японы статистикийн мэдээ). Жилдээ 400-500 орчим төгсөгчид эх орондоо бүрэн буцаж ирдэг статистик дундаж байдаг.
Япон улсад ИДС, коллеж, тусгай мэргэжлийн сургууль, бусад албан ёсны боловсролын байгууллагад суралцаж төгссөн бөгөөд ЖУГАМО нийгэмлэгийн зорилго, үнэт зүйлийг эрхэмлэж, үйл ажиллагааг дэмждэг хэн бүхэн гишүүнээр элсэх боломжтой байдаг.
Японд сургууль төгсөгчид маань ЖУГАМО нийгэмлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, номын ах дүүсийн холбоогоо бататгаж, хамтдаа хөгжихийг чин сэтгэлээсээ хүсч байна.
Өнөөг хүртэл нийгэмлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, дэмжин тусалж, хамтран ажиллаж ирсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.
Хүндэтгэсэн,
Японд сургууль төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэгийн ерөнхийлөгч
С.Баттулга