“Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийн тэмцээн 2016 оны 9-р сарын 4-нд Төв аймгийн нутаг Хүй долоон худагт амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Монгол улсаа дэлхийд сурталчлах, олон улсын найрамдалт харилцааг бэхжүүлэх, дотоодын хөнгөн атлетикийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой уг арга хэмжээ нь энэ жил 20 дахь удаагаа зохион байгуулагдлаа.
Хөнгөн атлетикийн холбоо гол зохион байгуулагчаар, Хаан банк, Мобиком корпораци ивээн тэтгэгч байгууллагаар оролцож байна. Мөн Монгол дахь Японы улсын Элчин сайдын яам, Жайка, Монгол-Японы төв, Монгол дахь Япончуудын холбоо, ЖУГАМО нийгэмлэг дэмжигч байгууллагаар оролцлоо. Энэ жил 20 жилийнх нь ой гэдгээрээ түүхэндээ хамгийн их, нийтдээ 2500 хүн гүйсэн байна.
Монгол оронд хөнгөн атлетик, тэр дундаа марафон гүйлтийн спортод өөрийгөө сорих тамирчид, залуус сүүлийн үед олноор нэмэгдэх болсон билээ. Чухамхүү яагаад энэ урт замыг гүйж өөрийгөө зовоох ёстой гэж? Юу нь сайхан байна? гэж хэлэх хүмүүс их байж магадгүй юм. Миний бие ч гэсэн өнөөдрийг хүртэл марафонд оролцохыг төдийлөн ойлгодоггүй нэгэн байсан бөгөөд марафоны мөн чанарыг ойлгож мэдье гэсэн эрмэлзэл ч байдаггүй байлаа. Гэтэл энэ удаагийн марафоноор өөрийгөө сорьж үзэхээр шийдэж 10 км-ын зайнд гүйсэн билээ.
Өргөн уудам Монголын тал, намрын сэнгэнэсэн агаар, цэцэг жимс шиг алаглах олон орны хүмүүстэй мөр зэрэгцэн гүйх гэдэг нь ямар нэгэн ер бусын баяр баяслыг авчрах шиг. Эхний 3 км–ын зайнд хөл өвдөж өөрийн эрхгүй амьсгаа давхцан үе үе алхахаас аргагүй байдал гарах хэдий ч хэн нэгэнд гүйцэгдэх, хамгийн сүүлд орохвий гэсэн айдас төрөн өөрийн эрхгүй урагш тэмүүлэх ажээ. Сүүлийн 7 км-т бага багаар дасан, зогсолтгүй урагшлах бөгөөд өөрөө өөрийгөө буруутгах, аргадах, хүчлэх гэх мэт толгойд янз бүрийн бодол эргэлдэх боловч заавал гүйж урагшлах ёстой гэсэн бодол давамгайлах ажээ.
МАРАФОН гэж….. өөрөө өөрийгөө ялан дийлэх, өөрөө өөрийгөө дүгнэж цэгнэх гайхалтай боломж ажээ. Өөрөөр хэлбэл хүний амьдралыг марафон хэмээн зүйрлүүлж хэлж болох боловуу. Өгсүүр уруу харгуй, толгодын цаана толгод, уртаас урт зам энэ бол хүний амьдрал бөгөөд түүнийг өөр өөрийн хурдаар урагшлан зогсолтгүй тэмцэх нь хүн төрөлхтөн бидний үүрэг билээ. Зогсолтгүй гүйх аваас хэн нэгнийг гүйцэн зорилгодоо хурдтайгаар хүрэх, алхах аваас хэн нэгэн намайг гүйцэн одож, зорилгодоо хүрэх цаг хугацаа минь уртаас урт дурайсаар л байх ажээ…….
Хөл өвдөж бие минь гуйвсан ч зогсолтгүй гүйсэн 7 км миний амьдралд зорилго, баяр хөөр, зогсолтгүй хөдөлмөрлөх эрч хүчийг мэдрүүлэн, барианд орсон баяр хөөртэй мөч хэзээ ч мартагдахааргүй сэтгэлд минь тодоос тод үлджээ. Дараа жилийн марафон даанч хол байна даа… Дараа жил та бүхэнтэйгээ 10 км зогсолтгүй гүйхийг зорилго болгон хичээх болно.
“Тал нутгийн Монгол-20” олон улсын марафон гүйлтийн тэмцээнийг зохион байгуулсан Монголын хөнгөн атлетикийн холбооны хамт олон болон тэмцээнд оролцсон мэргэжлийн болон сайн дурын тамирчид, ивээн тэтгэгч болон дэмжигч байгууллагууддаа ЖУГАМО нийгэмлгийг төлөөлөн талархалаа илэрхийлье
ЖУГАМО нийгэмлэг Б.Лхагва-Очир