Япон Улсын Нийслэл Токио хотод Монгол оюутнууд эх орноо сурталчилдаг болсноос хойш даруй 14 жил болж. Тэртээх 2002 оноос хойш Япон дахь Монгол Оюутны Холбоо (http://www.yamoh.org ) эх орноо сурталчилах зорилгоор Монголын “ХАВРЫН БАЯР” (http://www.harumatsuri.net)фестиваль зохион байгуулдаг болсон бөгөөд тэр нь жил бүрийн хавар 4-р сарын сүүл, 5-р сарын эхээр Япон улсын “АЛТАН ДОЛОО ХОНОГ” нийтийн амралтын өдрүүдэд болдог. Хоёр өдрийн турш зохион байгуулах уг арга хэмжээ жилээс жилд өргөжиж, өдгөө “ХАВРЫН БАЯР” наадам болтлоо утга агуулга нь баяжаад байгаа бөгөөд баярын өдрүүдэд нийтдээ 50,000-60,000 хүн ирж үзэж сонирхдог юм.
Тус наадмын үеэр Монгол ахуй, соёл, урлаг, түүх, тоглоом, наадгай, хувцас, хоол төдийгүй, үндэсний бөхөө барилдуулж өргөн олноороо нааддаг бөгөөд Монгол улсыг Гадаадад сурталчилдаг, Монголчууд, тэр дундаа оюутнуудын зохион байгуулдаг ХАМГИЙН ТОМ баяр. Япон улсад үндэсний спорт Мэргэжлийн Сумод амжилттай барилдаж буй их аваргууд, бөхчүүд маань Үндэсний бөхийн тэмцээнийг зохион байгуулж, бай шагналыг нь даадаг.
Зохион байгуулагдаж эхэлснээсээ хойш 2003, 2011 онуудад тодорхой шалтгаануудын улмаас өнжиж байсан тус наадам энэ жил 13 дахь удаагаа өргөн дэлгэр зохион байгуулагдлаа.
ЖУГАМО Нийгэмлэгийн зүгээс оюутнуудаа, дүү нараа дэмжих үүднээс Монгол үндэсний дээл хувцас хандивласныг Токио хотод суугаа ЖУГАМО Нийгэмлэгийн УЗ-ийн гишүүн Ж.Болдмаа баярын өдрүүдэд зохион байгуулагчдад гардуулж өглөө.
Тус дээлүүдийг Жугамо Нийгэмлэгийн УЗ-ийн гишүүн Б.Ундараа, Б.Лхагва-Очир, Б.Мөнхтуг нар өөрсдийн зүгээс хандивлаж, ЯМОХ-чуудад илгээлээ.
Нийгэмлэгээ төлөөлж Оюутны холбоонд дээл хандивласан УЗ-ийн гишүүддээ баярлалаа.
Та бүхний халуун сэтгэлийн үр шим, нэг ч гэсэн Япон төдийгүй гадаад хүнд Монгол үндэсний хувцасыг таниулахад үнэтэй хувь нэмэр болсон, болж байгаа гэдэгт итгэлтэй байна.
ЖУГАМО Нийгэмлэг
УДИРДАХ ЗӨВЛӨЛ