Японд сургууль төгсөгчдийн Жугамо нийгэмлэг ба Япон Улсын Ибараки мужийн Хитачи хотын 日立地区産業支援センター буюу Хитачи бүсийн үйлвэрлэлийг дэмжих төв хамтран “Hitachi Study Tour” хөтөлбөрийг 2023 оны 10 сарын 15-20-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Уг сургалт-аялалд Монгол Коосэн Технологийн Коллеж, New Mongol KOSEN “Шинэ Монгол Технологийн Коллеж”, ШУТИС-Коосэн Технологийн коллеж, Garuna publishing, Deed Motors, MizuYuki Consulting зэрэг нийт 10 байгууллагын төлөөлөл оролцлоо.
Аяллын хүрээнд бид Хитачи хотын IT болон үйлдвэрлэлийн чиглэлийн 10 гаруй жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчидтэй танилцаж, үйлдвэрүүдэд зочлон, хамтран ажиллах боломж, технологи, хүний нөөцийн солилцоо, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Ташрамд дурдахад 1908 онд Ибараки мужийн Хитачи хотын зэсийн уурхайд ажиллуулах тоног төхөөрөмжийн моторыг анх үйлдвэрлэснээр та бидний сайн мэдэх алдарт Hitachi, Ltd. -Global компани үүсгэн байгуулагдсан түүхтэй юм. Аялалд оролцогчдын төлөөллүүд тус хотын зэсийн уурхай, үйлдвэрлэлийн хөгжил, түүхтэй танилцсандаа сэтгэл өндөр буйгаа илэрхийлж байв. Харин ЖУГАМО-гийн хувьд олон жилийн үйлдвэрлэлийн мэдлэг, туршлагатай Япон орон ба ирээдүйтэй, инновацлаг залуу орон гэж тооцогдож буй Монгол Улсын хооронд харилцан ашигтай хамтын ажиллагааг үүсгэх бүрэн боломжтойг энэ удаагийн сургалт-аялал дахин нотлов. Тиймээс цаашид ч Монгол, Япон хоёр орны хувь хүн, бизнесүүдийг холбоход анхаарч ажиллахаа илэрхийлж байна. Хамтран зохион байгуулж, биднийг хүлээж авсан Хитачи бүсийн үйлдвэрлэлийг дэмжих төвийн хамт олонд гүн талархал илэрхийлье.