Энэ өдөр Японд суралцаж, төгссөн Монголчуудын төгсөгчдийн холбоо буюу ЖУГАМО Нийгэмлэгийн 20 жилийн ой болж байна. Цаг хатуу үед буюу тэртээх 1976 оноос барууны империалист нийгэмд Монгол оюутнууд анх хөл тавьж байсан бөгөөд хоёр орны засгийн газар хоорондын гэрээгээр Япон улсын Засгийн газрын Тэтгэлгээр 1980 оноос анхны Монгол оюутнуудыг суралцуулж эхэлснээр Японд Монгол залуус суралцах шанг татаж байжээ.
Тэдгээр залуус буцаж ирээд Японы тусламжаар барьсан Монголын Анхны үйлдвэр Говь комбинатад инженерээр ажиллаж эхэлцгээсэн байдаг. Нийгэм өөрчлөгдөхийн хэрээр буюу 1995 онд Японд суралцаж, төгсөөд ирсэн хэсэг залуус нэгдэж, төгсөгчдийн холбоог байгуулсан бөгөөд анхны Ерөнхийлөгчөөр нь одоогийн Уул уурхайн сайд Рэнцэндоогийн Жигжид ажиллаж, түүний багт Дорноговь аймгийн засаг дарга П.Ганхуяг, Улсын Их хурлын гишүүн Д.Ганхуяг тэргүүтэй нийгмийн нэгэн үеийн төлөөлөл болсон сэхээтэн залуус нэгдсэн байлаа.
Тэр цагаас хойш тасралтгүй 20 жил үйл ажиллагаагаа явуулж буй гадаадад төгсөгч Монголчуудын ууган холбоодын нэг нь яах аргагүй ЖУГАМО Нийгэмлэг юм.
ЖУГАМО гэдэг нь Japanese University Graduate Association of Mongolia гэсэн англи нэрийн толгойн үсгийг авсан JUGAMO/ЖУГАМО/ буюу ЯПОНД ТӨГСӨГЧДИЙН МОНГОЛЫН ЖУГАМО НИЙГЭМЛЭГ гэж явдаг юм.
Өдгөө Ерөнхийлөгчөөр нь Монгол Услын Их Хурлын гишүүн, Монгол-Японы Парламентын бүлгийн дарга Даваажавын Ганхуяг ажиллаж байна.
Удирдах зөвлөлд нь нийт 20 гишүүн байх бөгөөд Японд төгсөгч үе үеийн төлөөлөл болсон тэдгээр залуусыг манлайлан, гүйцэтгэх захирлаар Японы Сожиц Корпорацийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын Ерөнхий менежер Б.Насанбилэг ажилладаг болой.
Энэ өдрүүдэд 20 жилийн ойгоо тэмдэглэж буй тус холбоо нь өнөөг хүртэлх Монгол- Япон хоёр улсын харилцааны хөгжлийн түүхэн чухал үед холбоогоороо, хувь гишүүн бүр нь оройлон оролцож ирсэн.
Тус холбооны анхны ерөнхийлөгч Р.Жигжид нь Япон улсад эх орноо төлөөлөн суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар ажиллаж байлаа. Одоо Монгол улсын хамгийн тэргүүлэх салбарын нэг болоод байгаа Уул уурхайн салбарыг ахалж, Яамны сайдаар нь ажиллаж буй. Түүнчлэн гүйцэтгэх захирлаар он удаан жил ажилласан Бридж Групп ХХК-ий Ерөнхийлөгч асан Л.Даваажаргал Япон улс дахь Монгол Улсын ЭСЯ-ын Зөвлөхөөр ажиллаж байна.
Японд төгсч ирсэн Монгол залуус нийгмийн бүхий л салбарт амжилттай явж байна. УИХ-ын гишүүн, Боловсролын сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Дорноговь аймгийн засаг дарга П.Ганхуяг, Сүхбаатар дүүргийн засаг дарга н.Бадарсан, Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газрын дарга С.Баярбаатар, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа, Таванбогд Группын захирал Т.Баатарсайхан, Моннис Группын Ерөнхийлөгч н.Чулуунбаатар, Бридж Группын Ерөнхийлөгч Ц.Сэдванчиг, Монгол Оппортунити Фандын захирал н.Батсайхан, ШУТИС-ын ТУЗ-ын дарга Ц.Буянцогтоо, ШУТИС-ын Эрдэм Шинжилгээ хариуцсан проректор Ч.Баасандаш н.МУИС, ЭМШУИС-ийн доктор, Профессорууд, Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэнгийн захирал Ж.Галбадрах, МИАТ ХК-ий Санхүү эрхэлсэн захирал Ц.Даваасүрэн, JCI Монгол байгууллагын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Ж.Дамдинцэрэн гээд энэ жагсаалт нийгмийн бүхий л салбарын манлайлагчидаар үргэлжлэх болно.
Өнөөдөр Японд 1600 гаруй Монгол оюутан хэлний сургууль, мэргэжлийн сургууль, технологийн коллеж, Их сургуулийн бакалавр, магистр, докторын зэрэгт суралцаж байна. Төгсч ирээд байгаа 1500 гаруй залуус эх орныхоо бүтээн байгуулалтанд өөр өөрсдийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
Японд төгсөгчдийг тууштай, нэг хийсэн юмныхаа ард гардаг зүтгэлтэй гэдгийг Монголын салбар бүрийн том компаниуд хүлээн зөвшөөрч тэднээр эгнээгээ өргөтгөхийг хүсдэг болсон. MCS, Таванбогд групп, Хаанбанк, Говь ХК гээд томоохон групп компаниудад Японд төгссөн залуус манлайлан ажиллаж байна.
Дараа дараагийн төгсөгчид ч жил бүр буцан ирж Монгол улсын хөгжил цэцэглэлтийг түүчээлэн ажиллах байх.
Энэ онд Япон хэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 40 жилийн ой бас давхцаж байгаа бөгөөд ШУ-ын олон талт үйл ажиллагаанууд МУИС, ШУТИС, ЭМШУИС-иуд дээр зохион байгуулагдсан байна.
Японд төгсөгчиддөө, ЖУГАМОчууддаа 20 жилийн ойн халуун баяр хүргэж, амжилт хүсье. Эх орны хөгжлийн түүчээ болж үргэлж манлайлж, чин шударгаар ажиллаж явахыг хүсье.
Эх сурвалж: https://lag.mn/news/article106442/