JICA Mongolia, Mongolia-Japan center Монгол-Японы төв, Японд сургууль төгсөгчдийн Жугамо нийгэмлэг хамтран “Монгол Японы Бизнесийн Хамтын ажиллагааны талаар” семинарыг зохион байгууллаа. Семинарын хүрээнд “Япон, Монголын бизнесийн хэрэгжилтийн байдал, тулгамдсан асуудлын талаарх мэдээлэл цуглуулах судалгааны үр дүн” (Н.Батдэлгэр /МУИС/), “ЖАЙКА олон улсын байгууллагаас хувийн хэвшлийг дэмжих чиглэлд Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагаанууд” (Накамура Ко /Монгол Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төв/), “Монгол Улсаас Япон Улсад экспорт хийхэд анхаарах зүйлсийн талаар” (Ж.Хишигжаргал /Кайзэн холбоо/) гэсэн сэдвүүдээр илтгэл тавьж, “Монгол Японы бизнесийн харилцааг өргөжүүлэхийн тулд хувийн хэвшлийн хийх зүйлс” сэдвээр панел хэлэлцүүлэг өрнүүллээ.






Энэ онд ЖАЙКА-н Монгол дахь төлөөлөгчийн газар, Монгол Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төв, Японд сургууль төгсөгчдийн Жугамо нийгэмлэг зэрэг байгууллагууд хувийн хэвшлийг дэмжих чиглэлд олон янзын үйл ажиллагааг хамтран зохион байгуулж байгаа бөгөөд, Монгол Улсын Жижиг Дунд Үйлдвэрийн газартай хамтран ирэх сарын 5-8 өдрүүдэд Япон улсын Токио хотод болох 90 гаруй орны 80,000 гаруй байгууллага, хувь хүн оролцдог FOODEX үзэсгэлэнд Монгол Улсаас 5 компанийг шалгаруулан, үзэсгэлэнд оролцох, бизнесийн харилцаагаа өргөжүүлэх тал дээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.