ЖУГАМО нийгэмлэгийн шинэ удирдлага Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзалт хийлээ

2026 оны 2 дугаар сарын 12-ны өдөр ЖУГАМО нийгэмлэгийн шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн төлөөлөл Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахаратай уулзалт хийлээ. Уулзалтад ЖУГАМО нийгэмлэгийг төлөөлөн Ерөнхийлөгч М.Тулгат, Дэд ерөнхийлөгч З.Сугар, Гүйцэтгэх захирал А.Гарьд, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Болормаа, Ж.Сэтгэл, Ч.Чинбат нар, Япон Улсын Элчин сайдын яамнаас Дэд тэргүүн К.Кондо, Хоёрдугаар нарийн бичгийн дарга Ё.Ито нар оролцов. Энэхүү уулзалтын үеэр ЖУГАМО нийгэмлэгийн шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг танилцуулж, ирэх онд хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны төлөвлөгөө болон Элчин сайдын яамтай хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Талууд дараах чиглэлээр хамтран ажиллах, харилцааг өргөжүүлэх боломжуудын талаар ярилцаж, санал нэгдэв: - Япон Улсад суралцаад эх орондоо ирж буй төгсөгчдийг нэгтгэх, тэдний харилцаа холбоог бэхжүүлэх; - Монгол–Японы бизнесийн хамтын ажиллагааг дэмжих, энэ чиглэлийн форум болон нетворкинг арга хэмжээг хамтран зохион байгуулах; - Японд төгсөгчдийн амжилтыг Монгол болон Японы нийгэмд таниулан сурталчлах; - Соёл, боловсрол, залуучуудын хөгжлийн чиглэлээр хамтарсан үйл ажиллагааг өргөжүүлэх. ЖУГАМО нийгэмлэгийн шинэ удирдлагын баг цаашид үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаа үе шаттайгаар, идэвхтэй хэрэгжүүлэн ажиллах болно.


