Япон улсад сургууль төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэгийн гишүүд, дэмжигчид, хамтран ажиллагч Та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээг дэвшүүлье!

ЖУГАМО нийгэмлэг 1995 онд албан ёсоор байгуулагдсанаас хойш олон жил өнгөрчээ. Цөөхөн хүнтэй анх байгуулагдаж байсан бол өдгөө гишүүд болон дэмжигчдийн тоо, үйл ажиллагаа, хамтын ажиллагааны төрөл, хамрах цар хүрээ, нийгэмлэгийн нэр хүнд үлэмж хэмжээгээр нэмэгдэж нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болж чаджээ. Нийгэмлэгийн үйл ажиллагаанд гар бие оролцож, ачааны хүндийг үүрэлцэж, сэтгэлээ чилээж, мөн дэмжлэг үзүүлж, зөвлөгөө өгч байсан хүн бүхэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

Өмнөх үе, сэнпай нарынхаа бий болгосон түүх, уламжлал, өвийг дээдлэн эх орноо хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах, Монгол улс, Япон улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, харилцан бие биенээ мэддэг, хэрэгтэй үед нь бие биенээ түшиж тулдаг хүрээллийг бий болгох, Япон улсад сургууль төгсөгчдийн босоо болоод хэвтээ хэлхээ холбоог бэхжүүлэх нь нийгэмлэгийн гишүүд бидний эрхэм үүрэг, тэргүүлэх зорилго билээ.

ЖУГАМО нийгэмлэгийн гишүүд бид өөрсдөө боддог, өөрсдөө хийдэг, өөрсдөө өөрчилдөг, өөрсдөө хариуцлагаа үүрдэг, бурууг бусдаас бус өөрсдөөсөө хайдаг эерэг хандлагатай байж, шударга, хариуцлагатай, хүний итгэлийг эрхэмлэдэг, ажилдаа эзэн болдог, цаг хугацааны үнэ цэнийг мэддэг, ажлын бүтээмж өндөр, аливаад шинжлэх ухаанчаар ханддаг, алсын хараатай, бусдын төлөө, эх орныхоо төлөө гэсэн чин сэтгэлтэй байна.

Монгол улсаа үзэсгэлэнт сайхан байгалтай, дэлхийд танигдсан баялаг соёлын өвтэй, нэг ирсэн хүн дахин дахин ирэхийг хүсдэг, гадаад орнуудын итгэлийг хүлээсэн, энэрэнгүй сайхан орон болгож хөгжүүлэхийн төлөө ЖУГАМО нийгэмлэгийн гишүүд бид зангидсан гар шиг эв нэгдэлтэй байж, бусад нийгэмлэг, холбоодуудтай нягт хамтарч ажиллах болно.

Японд сургууль төгссөн хүн бүрийг, ялангуяа сүүлийн үед сургуулиа төгсөөд Монголдоо буцаж ирсэн кохай нарыгаа ЖУГАМО нийгэмлэгийнхээ идэвхтэй гишүүн нь байж, сэнпай нараасаа суралцаж, туршлага сууж, бусадтайгаа хамтарч ажиллахыг чин сэтгэлээсээ хүсэж байна.

ЖУГАМО нийгэмлэгийн гишүүд, дэмжигчид улам олон болж, бусдынхаа төлөө, эх орныхоо төлөө илүү ихийг хийж, дэвжин дээшлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье !

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай !

Батбаярын Насанбилэг

ЖУГАМО Нийгэмлэгийн ерөнхийлөгч